Оюутолгойн орд газрыг ашиглах
гэрээ батлагдлаа хэмээн төрийн өндөрлөгүүд, засгийн газрын сайдууд алга ташин
уухайлж байсан цаг саяхан. Гэхдээ шийдвэр гаргагчдын дунд тус орд газрыг
ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг
боловсруулаагүй
байхад хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа гэж бухимдаж байсан
нэгэн бас байсан юм. Тухайн үед Монголчуудын олон арван жилийн турш хувь
хишгийг нь хүртэх гээд байгаа Оюу толгойн орд газрын гэрээг хууль бусаар
байгуулсаныг олж харсан гишүүд худлаа “ цуураагүй” л юм байна. Шалтгаан нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос
байгуулагдсан ажлын хэсгийнхэн нээлттэй хуралдаж, энэ булхайны талаар яриа
өрнүүлсэн хэрэг. Хуралдааны үеэр эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл ямар шалтгаанаар Оюутолгойн ордыг ашиглах Техник
эдийн засгийн үндэслэлд
заасан дөрвөн зүйлийг Айвенхоу Майнз монголиа инк компанид буцаасан
бэ гэсэн асуулт хөндөгдсөн юм. Эрдэс
баялгийн мэргэлийн зөвлөлийн орлогч дарга
М.Ариунбаяр, Оюутолгой ХХК-ийн ерөнхий захирал Кейт Маршалл, дэд
захирал Т.Мөнхбат
нарын хариултаас харахад эхнээсээ тус орд газрыг ашиглах гэрээнд ач холбогдол
өгч байгаа мэт байсан ч ямар ч бодлогогүй , хоосон хөндий ханджээ.
Тодруулбал Оюутолгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээнд заахдаа энэ ордыг 45 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тодорхойлсон гэнэ. Гэтэл
Техник эдийн засгийн үндэслэлд
нийт нөөц 45 сая тонн
хүдрийн 19 сая тонныг
ашиглахгүй үлдээнэ гэсэн үндэслэл тодорхойгүй байсан байна. Дээрээс нь тусгай
зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээжээ. Ингээд зогсохгүй зөвхөн ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно гэж хуулинд
заасан гэж байна. Мөн ус болон гидрогеологийн судалгаа нь тодорхой бус, ер нь
бол хийгдээгүй гэж хэлж болохоор байгаа гэж байлаа. Нэг өдөр 150 мянган тонн хүдэр боловсруулах шаардлагатай бол
түүнд хэрэглэгдэх усны нөөцийг
тогтоогоогүй байгаа
юм байна. Уг нь бол хөрөнгө оруулагчийн нөөц
ашигласны төлбөр 2 хувийг Техник эдийн засгийн үндэслэлээс хасч тооцох ёстой. Айвенхоу
майнз монголиа инк компанийн хувьд “Оюутолгой” орд газрын лицензийг Би Эйч Би
компаниас худалдаж авсан байдаг. Ийм байхад нөөц ашигласны төлбөр хоёр хувийг Монгол Улсад ногдох
ашгаас авах нь шударга бус үйлдэл юм
байна. Шуудхан хэлэхэд Айвенхоу
майнз компани, Би-Эйч-Би компанийн хооронд шийдэгдэх асуудалд манай улс орох
шаардлага байхгүй гэсэн үг. Ийм учир шалтгааны улмаас энэ заалтыг Техник эдийн
засгийн үндэслэлээс
хасах ёстой гэж үзсэн
байна. Ер нь бол үйлдвэрийн
хүчин чадлыг Техник
эдийн засгийн үндэслэлээр
тогтоодог. Үүнийг Засгийн газар тогтоогоод байх шаардлагагүй. Үйлдвэр ашиглалтад ороход хоногт
100 мянган тонн болон 150 мянган тонн хүдэр
олборлох хүчин чадлыг
нарийвчилсан аргачлалаар тогтоох ёстой. Энэ мэт Оюу толгойн орд газрыг тойрсон
үл ойлгогдох асуудлуудын талаар нэгдсэн
нэг ойлголттой болох ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Н. Ганбямба, О. Чулуунбат нарын хүмүүс хэлж
байв.
Хуралдааны
эцэст Оюутолгойн орд дахь 2000 тонн алтны асуудлыг нарийвчлан судалж үнэлгээг хэрхэн тусгах талаар
тодорхой болгох, Би-Эйч-Би компанитай
Айвенхоу Майнз монголиа инк компани ямар гэрээ байгуулсныг нягтлан шалгах
шаардлагатай гэсэн дүн гарлаа. Мөн
Айвенхоу майнз монголиа инк компанийн зүгээс
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс буцаасан заалтуудаар дахин мэдээлэл хийхийг
шаардлагатай гэж үзсэн бөгөөд Кейт Маршалл 14 хоногийн дотор багтаан хариу өгөхөө албан ёсоор мэдэгдсэн.
Ямар
ч байсан ажлын хэсэг дүгнэлтээ
ирэх тавдугаар сард УИХ-ын Аюулгүй
байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулах юм байна. Энэ үеэр асуудал ээдрээтэй байх аваас УИХ-ын
хаврын чуулганд оруулахаар боллоо. Энэ
байдлаас харахад өнөөх бидний олон жилийн турш дуншиж байж арай гэж
батлагдсан”Оюу толгойг ашиглах гэрээ” хууль бус техник эдийн засгийн үндэслэл
нь бүрэн тооцогдоогүй байсан гэсэн хардалт “ үнэн” болж таарч байна. Хамгийн
аймаар нь төр засгийн өндөрлөгүүд маань уг орд газрыг ашиглах гэрээ батлагдахад
бүхэл бүтэн найр хийх нь холгүй хөөрцөглөж байсан нь нүднээ илт харагдаж байна.
Үнэхээр л Монголын ард түмний эрх ашгийг бодож хөдөлсөн бол өнөөдрийнх шиг учир
начир л олдохгүй, унаж туссан утгагүй зүйл яригдахгүй байх байлаа.
Ер
нь бол улс орныхоо эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлэх , магадгүй хэдэн
арван жил манай улс орны “саалийн үнээ” болох хэмжээний нөөцтэй энэ ордоо бид харийнханд тавиад туучих вий гэсэн
айдас олон хүнд төрж байгаа. Ингэвэл бид Африкийн ядуу орон шиг болж тоотой хэд
нь хагарталаа баяжиж, жирийн ард олон элгээрээ газар мөлхөж ч мэдэх аюултай.
Энэ бүгдийг эрх биш дээд сэнтийд заларсан эрхэмүүд олж харж байгаа байх гэж
найдах бас хүлээх л үлдлээ.






